Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

2026-08-07 20:001min
20260807-200047-file.jpeg
Улаанбаатар хотод 2025-2028 онд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь хог хаягдлын менежментийг сайжруулж, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой юм.

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь хогийг булшлах уламжлалт, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хог боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх цогц системийг нэвтрүүлэхэд чиглэсэн байна. Төслийн хүрээнд Морингийн давааны хогийн цэг дээр үйлдвэр барих бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг баталсан байна. Одоогоор 600 нэгж талбараас 146-ыг чөлөөлж, үлдсэн талбарын хариуцагч нартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.

Нийслэлд жилд ойролцоогоор 1.5 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд үүний 25 орчим хувийг дахин боловсруулдаг. Харин үлдсэн 75 орчим хувь нь Морингийн даваа, Цагаан даваа зэрэг төвлөрсөн хогийн цэгүүдэд булшлагдах эсвэл ил задгай хаягддаг. Хогийг булшлах нь газрын хөрс, ус бохирдуулах, эвгүй үнэр тархах, метан хийн ялгаралт ихсэх, өөрөө шаталт үүсэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг. Мөн хогийн цэгүүдийн талбай жилээс жилд тэлж, хот төлөвлөлтөд хүндрэл учруулдаг.

Иймд хогийг булшлахын оронд эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах нь дэлхийн олон оронд хэрэгжиж буй тогтвортой шийдэл болж байна. Хог шатаах үйлдвэр нь өндөр температурын шаталтын технологи болон утаа цэвэрлэх олон шатлалт системийг ашигласнаар агаарын бохирдлыг олон улсын стандартад нийцүүлэн хянах боломжтой. Ингэснээр хогийн хэмжээг 80-90 хувиар, эзлэхүүнийг 90 гаруй хувиар бууруулж, үлдсэн үнсийг аюулгүй хадгалах эсвэл барилгын материалд ашиглах боломжтой.

Төслийг хэрэгжүүлэх нь хогийн асуудлыг шийдвэрлэхээс гадна эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хотын агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, хог хаягдлын менежментийг олон улсын жишигт хүргэх зорилготой юм. Урьдчилсан тооцоогоор үйлдвэр ашиглалтад орсноор 34 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хотын эрчим хүчний системд нийлүүлэх бөгөөд дулаан үйлдвэрлэлийн хувьд гэр хорооллын 2,333 орчим айлын халаалтыг орлох хүчин чадалтай гэж тооцоолжээ.

Дэлхийн олон улс хогноос эрчим хүч үйлдвэрлэх технологийг амжилттай ашиглаж байна. Жишээлбэл, Япон улс газар нутгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан хогийн ихэнх хувийг өндөр технологийн үйлдвэрүүдэд боловсруулж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг. Швед улс ахуйн хог хаягдлын бага хувийг булшилж, үлдсэн хэсгийг дахин боловсруулах болон эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд заримдаа хөрш орнуудаас хог импортлон үйлдвэрүүдээ тасралтгүй ажиллуулдаг. Дани улсын Копенхаген хотын орчин үеийн хог боловсруулах үйлдвэр нь цахилгаан, дулаан үйлдвэрлэхийн зэрэгцээ дээвэр дээрээ цанын зам байгуулсан нь үйлдвэрлэл, байгаль орчин, хот байгуулалтыг хослуулсан жишээ болсон. Мөн Сингапур улс газрын нөөц багатай тул хогийнхоо ихэнхийг шатааж эрчим хүч үйлдвэрлэн, үлдсэн үнсийг тусгай зориулалтын хиймэл арал дээр хадгалдаг.