Нийслэлд баригдаж буй 30 дугаар сургуулийн шинэ барилгын ажил үргэлжилж байна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын ажил үргэлжилж байна. 2024 онд мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн тул тус сургуулийн хуучин барилгыг нураахаар шийдвэрлэсэн юм. Шинэ барилгын ажлын зураг 2025 оны хоёрдугаар сард батлагдаж, гүйцэтгэгчээр “Вишн Девелопмент” ХХК ажиллаж эхэлсэн байна.
Шинэ сургууль нь 960 хүүхдийн суудалтай, зоорьтой гурван давхар барилга бөгөөд хоёр спорт заал, нэг урлагийн заалтайгаар төлөвлөгдсөн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 2026 онд нийслэлд 52 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орох бөгөөд үүнд 20 сургууль, 23 цэцэрлэг, хоёр спорт цогцолбор багтаж байгааг мэдээлэв.
Тэрбээр 2027 онд ашиглалтад орох барилга байгууламжийг энэ хичээлийн жилд бэлэн болгох зорилгоор 2024 оны зургаадугаар сарын 17-нд нийслэлийн төсөвт тодотгол хийж, нэмэлт хөрөнгө тусгасан гэдгийг онцлов. Ингэснээр нэг жилээр хойшлох байсан сургуулиуд энэ хичээлийн жилээс ашиглалтад орж эхлэх боломжтой болж байна. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 30 дугаар сургууль юм.
Мөн нийслэлийн нягтаршил ихтэй хэсгүүдэд хотхоны бага сургууль байгуулах судалгаа хийгдэж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-ны дотор ерөнхий боловсролын сургуулиудад хийж буй засварын ажлуудыг дуусгах чиглэл өгсөн байна.
