2026 оны намрын саруудад нойтон цас орж, эрт хүйтрэх төлөвтэй байна

2026-07-29 22:001min
20260729-220058-file.jpeg
Ус, цаг уур, орчны судалгааны хүрээлэн 2026 оны намрын саруудад нутгийн зарим хэсгээр нойтон цас орж, эрт хүйтрэх магадлалтайг мэдээллээ. Ард иргэд, малчид, аж ахуй нэгжүүд өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэс 2026 оны 9-11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчилдэг уламжлалтай.

Есдүгээр сард Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дундажаас дулаан байх төлөвтэй байна. Харин Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.

Аравдугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дундажтай ойролцоо, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджаар байх төлөвтэй байна.

Намрын саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, дулаан байх боловч 9 болон 11 дүгээр сард төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ихсэж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Иймд нойтон цас орж, эрт хүйтрэх магадлалтай тул ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгжүүд өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг ХХААХҮЯ-наас анхааруулж байна.