Монгол, БНСУ хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурахаар боллоо

2026-07-02 09:001min
20260702-090032-file.jpeg
Монгол Улсын иргэд нэг жил хүртэлх хугацаагаар БНСУ-д зорчихдоо монгол үнэмлэхээрээ автомашин жолоодох эрхтэй болохоор болжээ. Харин нэг жилээс дээш хугацааны зорчигчид үнэмлэхээ солонгос үнэмлэхээр солиулах боломжтой.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ) жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу БНСУ-д нэг жил хүртэлх хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэд өөрсдийн монгол жолооны үнэмлэхээр тус улсад автомашин жолоодох эрхтэй болох юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы мэдээлснээр, БНСУ-д амьдарч буй Монгол Улсын 60,000 гаруй иргэний 1,400 орчим нь гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бөгөөд ихэнх нь жолооны үнэмлэхгүйгээр жолоо барьсан тохиолдол байгаа аж.

Засгийн газрын хуралдаанаар уг хэлэлцээрт гарын үсэг зурах тогтоолын төслийг баталсан бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын үеэр хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулна.

Мөн нэг жилээс дээш хугацаагаар БНСУ-д зорчих иргэд монгол үнэмлэхээ солонгос үнэмлэхээр шууд солиулах боломжтой болохыг сайд онцоллоо.

Үүнтэй адил, БНСУ-ын иргэд Монгол Улсад зорчихдоо өөрсдийн жолооны үнэмлэхийг ашиглах эрхтэй болно.