Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн хэлэлцээрийн амжилтыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үндэсний эрх ашгийг хамгаалан, улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархлаа илэрхийллээ. Тэрбээр Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ Оюутолгойн хэлэлцээрт гаргасан түүхэн амжилтын талаар мэдээлэв.
Ерөнхий сайдын мэдээлснээр, Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Мөн эхний 100 хоногийн хугацаанд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийн зардлыг хэмнэжээ. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой болсон байна.
Хоёрдугаарт, Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонхыг 3 жил тутамд эргэж харж хэлэлцдэг болгож өөрчилсөн байна.
Гуравдугаарт, олон жилийн турш яригдсан ногдол ашгийг энэ оноос эхлэн авах тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэв. Хэлэлцээрийн үр дүнд 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйн өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Тэрбээр хөрөнгө оруулалтыг дэмжиж, хууль ёсны эрх ашгийг Монгол Улсын ард иргэдийн эрх ашгийн хамт хамгаалахыг онцолсон байна.
Мөн Рио Тинто компанийн хамт олонд талархал илэрхийлж, Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг өгсөн байна.
Ерөнхий сайд төслийг амжилттай удирдан зохион байгуулсан баг, сайд нар, төрийн албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэв. Тэрбээр энэ амжилт нь Монголчууд эвлэлдэн нэгдэж улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан жишээ болохыг тэмдэглэв.
