Улаанбаатар хотод тархсан бамбай хоншоорт могойг хэрхэн таних вэ

2026-06-29 17:011min
20260629-170136-file.jpeg
Улаанбаатар хот орчимд тархсан бамбай хоншоорт могой нь хортой бөгөөд биеийн өнгө, хамрын хонхортой байдлаараа бусад могойноос ялгардаг. Иргэд могой таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэл өгөх шаардлагатай.

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэсэн хоёр төрлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой төрөлд хамаарах бөгөөд бусад могойноос дараах шинжээр ялгагдана. Түүний биеийн ерөнхий өнгө ихэвчлэн хул шарга буюу хар хүрэн, нуруу болон сүүлний хэсгээр хөндлөн цагаан судалтай байна. Сүүл нь богино бөгөөд хүүхэн хараа босоо байрлалтай байдаг. Могойн нүд, хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул гаднаас харахад хамрын дөрвөн сүвтэй мэт харагддаг нь бусад могойноос ялгарах онцлог юм.

Хотын орчинд бамбай хоншоорт могой нь хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны хотхон, авто зогсоол, барилгын суурь болон шатны орчимд ихээр олддог.

Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжин, мөн идэш тэжээл хайх зорилгоор хотын захын хэсэгт могой орж ирдэг. Мөн хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн автомашины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн хотын төвд ирэх магадлалтай тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хотын аль ч дүүрэгт могой орж ирэх боломжтой тул орон сууц, хотхоны оршин суугчид, СӨХ, албан газруудын жижүүр, зам талбайн цэвэрлэгээний ажилчид өглөө, үдэш оройн цагаар хашаа, хашлага, шат, барилгын суурь, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн орчмын нүх сүвтэй газруудад сайтар ажиглалт хийх шаардлагатай.

Могой таарсан тохиолдолд бусдад анхааруулах, мөн нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаар болон ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгөхийг зөвлөж байна. Мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар хянаж, хэрэв хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөв.