Европт хэт халалтын улмаас эрүүл мэндийн анхааруулга гаргалаа

Ойрын өдрүүдэд Европын улс орнуудад хэт халалтын цаг уурын үзэгдэл олон хоногоор үргэлжилж, агаарын температур нэмэгдэх төлөвтэй байна. Зарим оронд 3 дугаар түвшний улаан түгшүүр зарласан байна.
Европын Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хэт халалт нь ахмад настан, бага насны хүүхэд, архаг өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс Европт амьдарч буй болон зорчих гэж буй иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна.
Үүнд: 11:00-18:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан байхгүй байх, хөнгөн хоол хүнс хэрэглэх, мах болон хагас боловсруулсан хоолноос татгалзах, гоймон, загас, шинэ ногоо, жимс түлхүү хэрэглэх, ус их хэмжээгээр уух, хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, цай, кофены хэрэглээг багасгах, согтууруулах ундаа болон хэт хүйтэн ундаанаас зайлсхийх, гэр болон албан өрөөндөө агаар сэлгэлтийг тогтмол хийх, байгалийн гаралтай цайвар өнгийн хувцас өмсөх, малгай, нарны шил хэрэглэх, нарны тос түрхэж арьсаа хамгаалах, биеийн хүнд ачаалал, дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх зэрэг орно.
Иргэд өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн байгууллагад хандах, мөн суугаа болон зорчиж буй оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд холбогдохыг зөвлөж байна.
