Говь-Алтай аймагт хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлнэ

2026-06-25 15:001min
20260625-150041-file.jpeg
Говь-Алтай аймагт шүлхий өвчний эрсдэлтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг 28 хоногийн хугацаагаар сунгалаа. Хязгаарлалтад орсон үхрүүдийг устгасан бөгөөд халдвар тархахаас сэргийлэх хяналтын постууд ажиллаж байна.

Ховд аймгийн Булган суманд бүртгэгдсэн шүлхий өвчний голомтоос Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт ирсэн 12 толгой үхрийг хязгаарлалтад авч, дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр шүлхийн вирусийн өвөрмөц генийн хэсэг илэрсэн тул дээрх үхрүүдийг Мал эмнэлгийн ерөнхий газрын зааврын дагуу устгалд оруулжээ.

Өвчний нууц үеийн эрсдэл болон халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хатуу хөл хорио тогтоож, хяналтын постуудыг ажиллуулж байна. Хөл хорио тогтоосон бүсийн бог малд шүлхийтэй төстэй шинж тэмдэг илэрсэн тул хоёр удаа дээж авч шинжилсэн бөгөөд лабораторийн дүгнэлтээр шүлхий өвчин илрээгүй байна.

Тархвар зүйн нөхцөл байдал болон өвчний нууц үеийн эрсдлийг харгалзан Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хорио цээрийн дэглэмийг 28 хоногийн хугацаагаар үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.