Монгол Улс АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албатай хамтын ажиллагаа эхлүүллээ

2026-06-16 08:001min
20260616-080034-file.jpeg
Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албатай хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн дэмжлэг авах боллоо.

Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албатай (Office of Technical Assistance, OTA) албан ёсны хамтын ажиллагааг эхлүүллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн корпорацийн тууштай зорилт, хүчин чармайлтыг илэрхийлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид 2026 оны хоёрдугаар сард Монгол улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг хийсэн.

Хэлэлцүүлгийн үр дүнд талууд баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.

Энэхүү түншлэлээр корпораци санхүүгийн салбарын тогтвортой байдал, хадгаламжийн даатгалын сангийн зорилтот түвшинг тогтоох аргачлал, хураамжийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас дэмжлэг үзүүлэх юм.

Тус хамтын ажиллагаа нь Монгол улсын санхүүгийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал алхам болж, Хадгаламжийн даатгалын корпораци нь Евро-азийн бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангагч байгууллагуудын нэг болон хадгаламжийн даатгалын чиглэлээр Азийн цөөн улсын эгнээнд багтаж байна.

Техникийн туслалцааны нийт хэмжээ нь 1.2 сая ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд энэ нь корпорацийн хувьд томоохон амжилт төдийгүй Монгол улсын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Корпораци нь хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны алба, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох талуудад талархал илэрхийлж байна.

Энэхүү түншлэл нь Хадгаламжийн даатгалын корпорацийн олон улсын хамтын ажиллагаанд гарч буй томоохон ахиц бөгөөд Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгааг илэрхийлж байна.