Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарцын бүтээн байгуулалт үргэлжилж байна

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийг дөрвөн байршилд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд газар чөлөөлөлт, гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх болон барилга угсралтын ажлыг үе шаттайгаар явуулж байна.
Таван шарын нүхэн гарцын байршилд 90 метр урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил дуусаж, металл гүүрийн гол хийцлэлийн бэлтгэл хангагдаж байна. Энэхүү гүүрэн гарц нь явган зорчигчдыг төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Мөн гарцын налуу нь огцом биш тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай зорчигчдод тохиромжтой юм. Таван шарын байршлын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, явган зорчигчийн зам, дугуйн замын ажлыг дуусгасан байна.
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын барилгын бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь барихаар төлөвлөжээ. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт 27.5 мянга орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болно.
“Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувьтай бөгөөд зураг төслийг магадлалаар батлуулсан байна. Төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах аргаар суурилуулах ажлыг дуусгасан бөгөөд барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.
