Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгох хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ

2026-06-08 10:001min
20260608-100035-file.jpeg
УИХ-ын чуулганаар Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон зохион байгуулалт, эдэлбэр газар, төсөв, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг хэлэлцэхээр болов.

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцуулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулсан юм.

Төслийн эхний шатанд Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэл хангахаар тусгасан байна.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2024 онд баталж, “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж, зарим институцтэй зэрэгцээ бүтэц үүсэх эрсдэлтэйг Засгийн газрын Ажлын хэсэг тогтоожээ.

Эдгээр үр дүн, туршлагад үндэслэн бусад хотуудын асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөж байна. Орон нутаг бие даан хөгжих, төсөв, дэд бүтцээ сайжруулах, асуудлыг тухайн орчинд нь цаг алдалгүй шийдвэрлэх, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Ц.Туваан, Н.Наранбаатар нар тодруулга, үг хэлсэн байна. П.Сайнзориг гишүүн цагийг тулгаж оруулсан хэмээн шүүмжилсэн бол хуралдааны дарга С.Бямбацогт олон аймаг, сумд хотын статустай болох хүлээлтийг харгалзан гишүүдийн саналыг төсөлд тусгахыг Ажлын хэсэгт даалгасан юм.

УИХ-ын гишүүдийн 57 хувь нь уг хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.