Нийслэлд сүүлийн гурван хоногт орон сууцны хороололд 7 удаагийн гал түймэр гарчээ

2026-06-06 10:001min
20260606-100025-file.jpeg
Нийслэл хотын орон сууцны хороололд сүүлийн гурван хоногт 7 удаагийн гал түймэр гарч, 2026 оноос хойш нийт 293 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын газраас иргэдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Нийслэл хотын орон сууцны хорооллуудад сүүлийн гурван хоногт 7 удаагийн гал түймэр гарсан байна. Гал түймрийн дуудлагад айлын эд зүйлс, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар болон хогийн суваг шатсан гэж бүртгэгдсэн.

2026 оны эхнээс өнөөдрийг хүртэл нийслэлд орон сууцны хороололд нийт 293 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн бөгөөд үүний улмаас нэг иргэн нас барж, хоёр хүн түлэгдсэн байна.

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэжээ. Үүнд: өрхийн галын аюулгүй байдлыг хангах, цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж шалгах, ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах, мөн барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулж, аврах зам гарцыг чөлөөлж хэвийн ажиллагааг хангахыг анхааруулж байна.