Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах журмыг батлах ажил явагдаж байна

Эмнэлгийн яаралтай тусламжийн үед агаарын хөлөг ашиглах тусгайлсан журмыг батлах талаар хэлэлцүүлэг явагдаж байна.
Энэхүү журмыг Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын хамтарсан тушаалаар батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг агаарын замаар тээвэрлэх асуудлыг зохицуулахад чиглэгдэж байна.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ахлах шинжээч М.Оюунчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нарын төлөөлөл уулзалт хийж, журмын бүтэц, агуулга, үүрэг, зохион байгуулалт, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцсон.
Энэхүү журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
