УИХ-ын гишүүдийн ирц, хариуцлагыг сайжруулах хуулийн төсөл хэлэлцэв

Улсын Их Хурлын өчигдрийн хуралдааны үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Үдээс хойш Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент бүрэн эрхийнхээ эхний хоёр жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, парламентын үйл ажиллагааг оновчтой, үр нөлөөтэй, бүтээмжтэй, ил тод, эргэх холбоотой болгох, гишүүдийг сахилга, хариуцлагатай, итгэл даахуйц тогтолцоотой болгох зорилгоор Ажлын хэсэг байгуулжээ.
Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн ирц бүртгэлийг чангатгах, цалингаар торгох зэрэг олон улсын жишгийг тусгасан байна. Тухайлбал, гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах бол өмнөх өдөр нь бичгээр мэдэгдэх шаардлагатай.
Хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхисон гишүүдийг эсрэг санал өгсөнд тооцохоор заажээ. Мөн нэг сарын хугацаанд нийт санал хураалтын 50-иас дээш хувьд оролцоогүй гишүүний төсвийн санхүүжилтийг олгохгүй, цалинг хасах зохицуулалт орсон байна.
Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан болон бусад хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гишүүдэд хариуцлага тооцохоор тусгасан байна. Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол тухайн гишүүнийг ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах зохицуулалт хийжээ.
Түүнчлэн, улсын хөгжлийн баримт бичгүүдэд тусгаагүй төсөл, хөтөлбөрийг дур мэдэн санал гаргахгүй байх, зардлын тооцоолол бодит байх шаардлагыг хуульд оруулсан байна. Хууль өргөн мэдүүлэх тов, дарааллыг нэг сарын дотор шийдвэрлэх, хүлээн авах зохицуулалт бий болсон.
Ёс зүйн алдаа гаргасан гишүүдэд үг хэлэх эрхийг 30 хүртэл хоногоор хаах арга хэмжээ авах заалт оржээ.
Эдгээр зохицуулалтаар чуулганы хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, гишүүдийн сахилга, хариуцлага дээшлэх зорилготой гэж үзсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг дэмжсэн байна.
Мөн аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад үзэл баримтлалаа хамгаалах боломжийг бүрдүүлэх, мэтгэлцээний горимд шилжихэд гишүүдийн саналаар шийдвэрлэх, бүсийн хөрөнгө хуваарилалт, төсөвлөлтийг тухайн бүс дотроо шийдвэрлэх зохицуулалт орсон байна.
Гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж шийдвэрлэх бөгөөд хуралдаануудыг үр өгөөжтэй болгохын тулд төлөөлөгчид үнэн, зөв, бүрэн гүйцэд хариулах, өгсөн амлалтаа биелүүлэх, хэлэлцүүлгийн асуулт, хариултыг тус бүр нэг минутаар сөөлжүүлэх журам тогтоосон байна.
