Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын талаарх мэдээлэл

Тээврийн прокурорын газраас 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Үүнээс 103 нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна.
Явган хүний гарц дээр гарсан ослын улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн, 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна.
Хүүхдийн хувьд 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1 хүүхдийн амь нас хохирч, 6 хүүхэд хүнд, 8 хүүхэд хүндэвтэр, 1 хүүхэд хөнгөн гэмтсэн байна. Энэ нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг илтгэнэ.
Мөн явган хүний гарц дээр гарсан ослын улмаас өндөр настай 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн бөгөөд гадаад улсын 1 иргэн ч гэмтсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Эдгээр ослын 77.7 хувь нь өдрийн цагаар, үзэгдэх орчин сайн үед гарсан бөгөөд жолооч нар явган хүний гарцын өмнө хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн дохиог үл тоомсорлосон, уулзвар болон гарц дээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон нь ослын гол шалтгаан болжээ.
Тухайлбал, жолооч нар явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс 68, уулзвараар эргэхдээ гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс 23, гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлийг дуусгаагүй явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс 5, хориглосон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцсоноос 7 хүнийг мөргөсөн тохиолдол бүртгэгджээ.
Осол гаргасан жолооч нарын 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд нийтийн тээврийн жолоочийн гаргасан осол нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолооч нь зохицуулдаггүй гарц руу ойртсон үед заавал хурдаа хасаж, зогсож явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Мөн зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч буй явган зорчигчийг өнгөрөөж, хүлээх шаардлагатай.
Тээврийн прокурорын газраас жолооч нарт согтуугаар жолоо барихгүй байх, явган хүний гарцын өмнө хурдаа сааруулж, зам тавьж өгөх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг уриалж байна.
