KIDS EXPO 2026 үзэсгэлэнг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зохион байгуулна

2026-05-20 19:011min
20260520-190145-file.jpeg
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “KIDS EXPO 2026” үзэсгэлэнг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бөгөөд хүүхэд, залуучуудын боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр олон төрлийн хөтөлбөрүүд багтана.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “KIDS EXPO 2026” нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбай, Шагайн асарт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоонд тулгуурлан хүүхэд, залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Арга хэмжээ нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол, танин мэдэхүй, соёл урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлэн зохион байгуулагдах бөгөөд дараах чиглэлүүдээр явагдана:

– Төв тайзны урлагийн тоглолт, авьяаслаг хүүхэд багачуудын онцгой үзүүлбэрүүд;
– Хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 100 байгууллагын нэгдсэн танилцуулга;
– “Family Chill Zone” буюу гэр бүлээрээ тухлан саатах амралтын бүс, спорт болон хөдөлгөөнт тоглоомын талбай;
– Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалтууд, танин мэдэхүйн тэмцээн, уламжлалт тоглоом наадгай.

Эцэг эх, асран хамгаалагчдыг гэр бүл, үр хүүхдийн хамтаар хүрэлцэн ирж, хүүхдийн баярын өдрүүдийг танин мэдэхүйн ач холбогдолтой, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.