Цахим залилангаас сэргийлэх үндэсний аян эхэллээ

2026-05-20 17:021min
20260520-170233-file.jpeg
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон хамтрагч байгууллагууд "Цахим залилангаас сэргийлье" үндэсний аяныг эхлүүлж, цахим орчны аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн 25 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулж эхэллээ.

2026 оны 5 дугаар сарын 19-нд болсон хэвлэлийн бага хурлаар тус аяны талаар мэдээлэл өгсөн бөгөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай хамтран Кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг” гэдгийг онцлов.

Түүний хэлснээр, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026” хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, цахим хэрэглээний мэдлэгийг нэмэгдүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд нийт иргэдийн 83 хувь нь цахим сүлжээ ашигладаг судалгаа байдаг. Иймд олон нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, цахим залилан, хуурамч мэдээллээс хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж байгааг тэрээр тэмдэглэв.

Монгол Улсад цахим орчинд үйлдэгдсэн залилангийн гэмт хэрэг 2024 онд 11,711 бүртгэгдсэн бол 2025 онд 12,233 болж, 4.5 хувиар өссөн байна.

“Цахим залилангаас сэргийлье” аяны хүрээнд цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх, иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх зэрэг 25 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.