Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлан хамгаалахын сайдын зөвлөл дэмжив

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр сарын хуралдаанаар “Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн дэмжлээ.
Батлан хамгаалахын яамны мэдээлснээр, уг төсөл нь одоогийн хуулийн 60 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, цэргийн албаны тогтолцоо, хүний нөөц, цэргийн цол, дүйцүүлэх алба, цэрэг татлагын зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр боловсруулсан байна.
Шинэчилсэн найруулгын төсөлд улс орны нийгмийн хэрэгцээ, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс иргэний цэргийн үүргийг хэрэгжүүлэх зарим гол өөрчлөлтүүд тусгагджээ. Тухайлбал, алслагдсан бүс нутгуудад нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй багш, эмч зэрэг мэргэжлээр гурван жил ажилласан иргэдийг цэргийн дүйцүүлэх албыг хаасан гэж тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна.
Мөн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаасан иргэд заавал цэргийн мэргэжлийн сургалтад хамрагдах журамтай болохыг төсөлд тусгасан байна.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн мэргэжил олгох сургалтын эрх зүйн зохицуулалтыг өргөжүүлж, уг хөтөлбөрт хамрагдсан оюутанд хугацаат цэргийн алба хаагчтай адил байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч цол олгохоор тусгажээ.
Орон нутгийн онцлогт тохирсон “Малчин цэрэг” сургалтыг хэрэгжүүлэхээр мөн төсөлд тусгасан байна.
Гадаадын цэргийн мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд тооцож, цэргийн цол олгох нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалт орсон байна.
Түүнчлэн хуулийн төсөлд “Төв дамжин” буюу цэрэг татлагын төв гэсэн шинэ бүтэц бий болгож, цэрэг татлага, эрүүл мэндийн үзлэг, цэргийн хуваарилалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгасан байна.
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг нар оролцож, хуулийн төслийг хэлэлцэн санал солилцсон.
Зөвлөлийн гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу үзэл баримтлалыг эцэслэн батлуулах, холбогдох яамдаар хэлэлцүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.
Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар цэргийн алба хаах эрх зүйн орчин боловсронгуй болж, цэрэг татлага, хуваарилалт, цэргийн цол, хяналтын тогтолцоо илүү тодорхой, улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай болох юм.
