МҮОНРТ архивыг 4К, тоон системд шилжүүлэх төслийг эхлүүллээ

2026-05-19 21:011min
20260519-210129-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцож, энэхүү арга хэмжээ нь түүх, соёлын үнэт өвийг хадгалах шинэ шат болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүний нэг нь МҮОНРТ-ийн дуу, дүрсийн сан хөмрөгийг аналоги системээс тоон системд шилжүүлэх тухай хамтын ажиллагааны протокол байв.

4К, тоон системд шилжүүлснээр архивын материалуудыг дуу, дүрсний өндөр чанарт сэргээж, нийтэд үзүүлэх, түгээх, хуваалцах боломж нэмэгдэж байна.

Ерөнхийлөгч энэ төслийг түүх, соёлын үнэт баялгийн сан хөмрөг, үндэстний ой санамжийг хадгалах, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах шинэ шат гэж тодорхойлж, баяр хүргэлээ.

Мөн эх соёл, түүхэн өвийг хамгаалж, сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж буй МҮОНРТ, Туркийн Соёлын яамны харьяа Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг, “Ти Ар Ти” үндэсний телевизийн корпорацын хамт олонд амжилт хүсэв.

МҮОНРТ-ийн алтан санд түүх, өв соёл, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлын талаарх 150 мянга гаруй бичлэг, 16 мянга орчим соронзон хальс хадгалагдаж байна.