АНУ-ын Трампын айлчлалын үеийн Хятадын өгсөн бэлэг сэлтийг устгав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөсний дараа Цагаан ордны төлөөлөгчид Хятадын талаас түр ашиглуулах зориулалтаар өгсөн гар утас, энгэрийн тэмдэг, нэвтрэх үнэмлэх зэрэг зүйлсийг Air Force One онгоцонд суухаасаа өмнө тусгай хогийн саванд хийж устгасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв.
Энэхүү арга хэмжээ нь БНХАУ-ын кибер тагнуулын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд АНУ-ын төрийн айлчлалын үеэр мөрддөг стандарт аюулгүй байдлын протоколын нэг хэсэг юм.
АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд болон аюулгүй байдлын ажилтнууд өндөр эрсдэлтэй орнуудад ажиллахдаа хувийн төхөөрөмж ашиглахгүй, түр хэрэглээний буюу “burner phone” ашиглах журамтай байдаг. Айлчлал дууссаны дараа эдгээр төхөөрөмж болон тухайн улсаас олгосон дагалдах хэрэгслийг устгах буюу дахин ашиглахгүй байх журам түгээмэл мөрдөгддөг байна.
Хэдийгээр энгэрийн тэмдэг, үнэмлэх зэрэгт тагнах төхөөрөмж байсан нь нотлогдоогүй ч АНУ-ын аюулгүй байдлын байгууллагууд “эрсдэлийг үгүйсгэж чадахгүй бол системд нэвтрүүлэхгүй” гэсэн зарчмаар ажилладаг.
АНУ, БНХАУ-ын удирдагчид албан ёсоор уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байгаа ч кибер аюулгүй байдал, тагнуулын эрсдэлийн асуудал хоёр улсын харилцаанд өндөр түвшний үл итгэлцэл байсаар байгааг энэ үйл явдал харуулж байна.
