Ц.Магалжавыг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улиран сонголоо

2026-05-17 11:001min
20260517-110036-file.jpeg
Монголын Үндэсний бөхийн холбооны Их Эе хурлаар Ц.Магалжавыг улиран сонгож, ирэх дөрвөн жилд соён гэгээрлийн ажилд түлхүү анхаарахаа мэдэгдэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны 10 дугаар Их Эе хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, 255 төлөөлөгчөөс 204 нь буюу 80 хувийн ирцтэй эхэлсэн байна.

Хурлаар МҮБХ-ны Тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ц.Магалжавыг улираан сонгожээ.

Ц.Магалжав “Үндэсний бөхийн спортын төлөө хичээн ажиллах болно. Сонгуульт жилдээ соён гэгээрлийн ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байна. Бөхчүүдийн зөрчилд анхаарч, зөвлөгөө мэдээлэл өгөх шаардлагатайг хурлаар хэлэлцлээ” гэж мэдэгдэв.

Мөн өсвөр үеийнхэнд үндэсний бөхөөр дамжуулан өв соёлоо сурталчлах, соён гэгээрлийн ажилд чиглүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийлсэн байна.

МҮБХ-ны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд орон тооны бус ажлыг гүйцэтгэдэг. Тэргүүн нь нэг удаа улиран сонгогдож болох бөгөөд бүрэн эрхийн хугацаа дараагийн Тэргүүн томилогдсоноор дуусна.

Монголын Үндэсний бөхийн холбоо нь төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн соёл, дэг жаяг, өв уламжлалыг хадгалан хамгаалах, бөхийн залгамж үеийг бэлтгэх, үндэсний бөхийг хөгжүүлэх зорилготой ажилладаг.