Азийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн шатрын тэмцээн 2026 онд Монголд болно

2026-05-11 15:001min
20260511-150044-file.jpeg
2026 онд Улаанбаатар хотод Азийн 26 орны 240 гаруй шилдэг шатарчин оролцох 21 дэх Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулагдана. Монгол Улс анх удаа уг тэмцээнийг хүлээн авч байна.

21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү тэмцээн нь Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тивийн хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн арга хэмжээ юм.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачлагаар Монгол Улс анх удаа уг тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан зэрэг хүчирхэг орнуудын шатарчид багтсан байна.

Нээлттэй ангилалд 143, эмэгтэй ангилалд 101 шатарчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэд оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Монголын шатарчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь олон удаа өндөр амжилт үзүүлсэн түүхтэй. Тухайлбал, ИМ Ц.Батчулуун 2017 онд Чэндү хотод болсон тэмцээнд тавдугаар байр эзэлсэн, эИМ Т.Мөнхзул 2019 онд Синтайд хүрэл медаль хүртсэн, ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул 2023 онд Алматыд хүрэл медаль авсан, эОУМ Б.Мөнгөнзул 2025 онд Аль Айнд мөнгөн медаль хүртсэн байна.

Уг тэмцээн нь спортын үйл явдал төдийгүй Монгол Улсын олон улсын нэр хүнд, спортын хөгжилд чухал ач холбогдолтой. Тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр болон эмэгтэй ангиллын аварга 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна.

Монголын шатрын холбоо тэмцээнийг зохион байгуулах бөгөөд уг томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж байна.

Монгол Улс өмнө нь олон улсын томоохон шатрын тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Үүнд ФИДЕ Эмэгтэйчүүдийн Гран-При (2010), 16 хүртэлх насны Олимпиад (2015), Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн (2016), Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн (2018), Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн (2019, 2025), Ахмадын Азийн аварга шалгаруулах тэмцээн (2024), Сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025) зэрэг тэмцээнүүд багтдаг.

Ийнхүү Азийн шилдэг шатарчдын оргил тулаан Монгол Улсад зохион байгуулагдаж, Улаанбаатар хот тивийн оюуны спортын төв болох юм.