Цементийн дотоодын үйлдвэрлэл хангалттай ч логистик асуудал тулгарч байна

2026-05-11 14:001min
20260511-140038-file.jpeg
“Цемент экспо-2026” форумд цементийн үйлдвэрлэл дотооддоо хангалттай байгааг онцолсон ч бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх тээвэр логистикийн асуудал тулгамдаж байгааг салбарын төлөөллүүд хэллээ.

“Цемент экспо-2026” цементийн салбарын нэгдсэн форум “Тогтвортой өсөлт-Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь” уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Анхдугаар форумд үйлдвэрлэлийн технологи, чанарын асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэн бол энэ удаад дэд бүтцийн хүртээмж, тээвэр логистикийн асуудлыг онцлон салбар хоорондын уялдааг сайжруулах талаар ярилцав. Мөн байгаль орчинд ээлтэй ногоон цементийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Цемент нь эрчим хүч, төмөр зам, автозам зэрэг үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай түүхий эд юм. Монгол улс цементийн хэрэглээний 80-90 хувийг импортоор авч байсан бол одоо дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна. Жилийн хэрэглээ 3 сая тонн байгаа бол үндэсний долоон үйлдвэр 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Үйлдвэрүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт байрлаж байгаа тул бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд тээвэр логистик, шатахууны үнэ, стандартын хэрэгжилт зэрэг асуудал тулгамдаж байна.

“Монцемент билдинг материалс” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун дэд бүтцийн хүртээмжийн асуудал үйлдвэрлэлийн салбарт ихээр нөлөөлж байгааг тэмдэглэв. Барилгын салбарын идэвхтэй улирал дөрвөн сар үргэлжилдэг тул ачаа тээврийн хурд чухал бөгөөд хүнд даацын стандартыг хэрэгжүүлээгүйгээс осол аваар их гардаг гэжээ. Даацын стандарт хэрэгжсэнээр ачааны жин буурч, зардал өсөх нь бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж, хэрэглэгчдэд санхүүгийн дарамт үүсгэж байна. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг цогцоор нь төлөвлөх шаардлагатайг онцолсон.

Үнэт санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Бадрал цементийн салбар нь Монгол Улсын валютын гадаад урсгалд чухал нөлөөтэйг онцлов. Хэрэв цементийн үйлдвэрлэл дотооддоо хөгжөөгүй бол жилд 650 сая ам.доллар гадагш урсаж, боловсруулаагүй түүхий эдийг импортлох байлаа. Барилгын салбар орон нутагт 2,000-3,000 ажлын байр бий болгож, дэд бүтцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тэмдэглэв. Цементийн үнэ тогтвортой байгаа ч дизелийн үнэ өссөн, тээврийн зардал нэмэгдсэн нь үнийн өсөлтийн шалтгаан болж байна.

“Ховд-Эко цемент”-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Хаянхярваа цементийн салбарын тулгамдсан асуудлыг үе шаттайгаар хэлэлцэж, энэ жил тээвэр логистик болон тогтвортой хөгжлийн асуудлыг голлон авч үзэж байгааг тэмдэглэв. Тэрбээр Парисын хэлэлцээрийн хүрээнд байгальд ээлтэй үйлдвэрлэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьж, Ховдын үйлдвэр 8 МВт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан талаар мэдээлэв. Шатахууны үнийн өсөлт цементийн үнэд нөлөөлж, хэрэглэгчдэд дарамт болж буйг дурдсан.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан цементийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, барилгын салбарт төрөөс хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж байгааг онцлов. Сүүлийн 10 гаруй жил цементийн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангаж байгаа нь сайшаалтай ч орон нутагт хүргэх тээвэр логистикийн асуудал байна гэж тэмдэглэв. Баруун бүсийн цементийн хэрэгцээг хангахын тулд Ховд аймагт үйлдвэр барьсан бөгөөд цаашид тээвэр логистикийн асуудлыг ухаалгаар шийдэх шаардлагатайг дурдсан. Мөн дотоодын үйлдвэрүүд олон улсын чанарын стандартыг хангаж цемент үйлдвэрлэж байгааг тэмдэглэн, хил дээр барилгын материалын чанарын хяналтыг сайжруулж байгааг мэдээлэв.