Азийн хөгжлийн банк Монгол Улсын гадаад зээлийн 30 хувийг бүрдүүлж байна

2026-05-05 13:001min
20260505-130033-file.jpeg
Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдийн хэрэгжилтийг дүгнэх уулзалт зохион байгуулж, тус банк гадаад зээлийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцлов.

Монгол Улсын Сангийн яам Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх уулзалтыг 2026 оны 5 дугаар сарын 5-нд зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Сангийн сайд З.Мэндсайхан үг хэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банк Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг 35 жилийн турш дэмжиж, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан талаар онцоллоо.

Тэрбээр Монгол Улсын гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн 30 гаруй хувийг Азийн хөгжлийн банк дангаараа бүрдүүлж байгааг тэмдэглэж, нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 60 гаруй гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламжийн болон олон салбарын техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Мөн Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төслийн хэрэгжилтийн үр өгөөжийг сайжруулахад анхаарч, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг эхлүүлсэн талаар мэдээлэв.

Төсвийн болон гадаад эх үүсвэртэй хөрөнгө оруулалтыг нэг цонхоор төлөвлөн уялдуулах, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс бүрдүүлэх зорилготой бөгөөд гадаад зээлээр хэрэгжих томоохон төслүүдийн зээлийн ашиглалтыг тусгай механизмаар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн байна.

Төсвийн хэмнэлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх тусдаа нэгжүүдийг нэгтгэн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, энэ оны турш цахим шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл тусламжийн төслүүдийг нэгдсэн системээр төлөвлөх, хянах, удирдах, тайлагнах боломж бүрдэж, үр ашиг, сахилга бат, хяналтын тогтолцоо сайжирч, ил тод байдал нэмэгдэх юм.

Салбарын сайд цаашид гадаад зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулах, дуусгах нь нийгэм, эдийн засагт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болохыг онцлов.