Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарч, дотоодын үйлдвэрлэл болон худалдан авалтыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67 мянга гаруй ажилтан 3.5 сая иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг онцлов. Салбарын нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд, 60 гаруй хувь нь 40 хүртэлх насныхан эзэлж байгааг дурдсан байна.
Э.Батшугар сайд төр, засгаас эрүүл мэндийн салбарын хөгжилд онцгой анхаарч, эмч, ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг хэлэв. Тухайлбал, 2026 онд салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарч, одоогоор 30 хувь нь хэрэгжиж байгаа аж.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У. Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийлж, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд салбарын үүрэг оролцоо улам чухал гэдгийг онцлов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбарын нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль хүртээж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар салбарын шагналуудыг гардуулсан юм.
