Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай мэдээлэл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай шинэчилсэн найруулга 2023 оны 7 дугаар сарын 7-нд батлагдаж, 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний нөхөр эсвэл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх зохицуулалт орсон байна. Гэвч энэ зохицуулалт цэргийн алба хаагчийн тэтгэвэр авдаг гэр бүл болон өндөр насны тэтгэвэр авдаг гэр бүлд хамаарахгүй юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд зааснаар гэр бүлийн хоёр цэргийн тэтгэвэр авагчийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн тухай хуулийн 7.1-д заасан бүртгэлтэй, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан нөхцлийг хангасан нөхөр эсвэл эхнэрийн цэргийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр зохицуулжээ.
Тэтгэврийн нэмэгдэл нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувиар тооцогдоно.
Мөн өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний нөхөр эсвэл эхнэр цэргийн алба хаасны тэтгэвэр авагч бөгөөд эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн бол нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувийг нэмэгдүүлэн олгоно.
Энэхүү хууль батлагдсанаар цэргийн тэтгэвэр авагчдын эрх зүйн байдалд дэмжлэг үзүүлэхээс гадна, цэргийн алба хаагчтай удаан хугацаанд хамт амьдарч өндөр насны тэтгэвэрт гарсан гэр бүлийн гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой болж, хүний эрх тэгш байх зарчим хангагдах юм.
