Жамухын алтан бүс Эрдэнэсийн санд хадгалагдаж байна

2026-04-30 13:001min
20260430-130028-file.jpeg
1981 онд Булган аймагт олдсон алтан бүсийг Жамухынх гэж нэрлэдэг ч шинжлэх ухааны баталгаа байхгүй. Алтан бүс одоогоор Эрдэнэсийн санд хадгалагдаж, түр музейд дэглэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд 13 дугаар зууны Монголын түүхэн хүн Жамухын шарил, алтан бүс олдсон ч хадгалалт хамгаалалт хангалтгүй байгаа тухай мэдээлэл тархсан юм. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тайлбар хийв.

Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Булган аймаг дахь баг 1981 онд Сонгинохайрхан уулын салбар, Дадарт уулын энгэрт жижгэвтэр булшийг малтан судалжээ. Булшийг 1.7 метр орчим малтсаны дараа толгой тал руу нь хөмөглөн оршуулсан хүн илэрсэн бөгөөд талийгаачид үйсэн хоромсог, сум, төмөр хутга, хос дөрөө, тогооны хагархай зэрэг эд зүйлс дагалдуулан алтан бүс зүүлгэн оршуулсан байжээ.

Нэрт археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэж таамагласан бөгөөд энэ санаанаас үүдэн алтан бүсийг Жамухынх гэж нэрлэх болсон байна. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны баримтаар бүрэн батлагдаагүй бөгөөд зөвхөн таамаглал юм. Зарим эрдэмтэд газар орны байдал, олдворуудыг харьцуулан Түрэгийн үеийн булш байж болохыг дэвшүүлдэг байна.

Олдсон алтан бүс одоогоор Эрдэнэсийн санд хадгалагдаж, түр гэрээгээр “Чингис хаан” үндэсний музейн үзүүллэгт дэглэгдсэн байна. Харин бусад олдворууд болох хүний яс, төмөр эдлэл, судалгааны дээжүүд нь Монгол Улсын Их Сургуулийн Археологийн тэнхимд хадгалагдаж байгаа юм.