Улаанбаатар хотын авто засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалт хийж 2287 зөрчил илрүүлэв

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлсэн байна. Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөөний хэрэгжилт, ус ашиглалт, зөвшөөрөл, төлбөрийн биелэлт, хог хаягдлын ангилал, хадгалалт, тээвэрлэлт, гэрээ, аюултай хог хаягдлын бүртгэл, хадгалалт, дахин боловсруулалт, ашигласан тос болон шингэн хаягдлын менежмент, ариун цэвэр, орчны стандартын хангалтыг шалгажээ.
Төлөвлөгөөт шалгалтад 616 авто засварын газрыг хамруулсан бөгөөд нийт 2287 байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилгоор авто засварын үйлчилгээ эрхлэгчдийг сургалт, арга хэмжээнд хамруулж, аюултай хог хаягдлын менежмент, нефтийн гаралтай бохирдуулагчийн зохистой ашиглалт, галын аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажиллажээ.
