Таван аймагт нарны станц ашиглалтад орно

Засгийн газраас түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилгоор шинэ тогтоол баталлаа. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр энэ тогтоолыг эрчим хүчний тусгаар тогтнолыг бататгах цогц шийдэл гэж тодорхойлсон байна.
Тогтоолын хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумд нарны батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.
Эдгээр станцуудыг 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арван хоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад даалгасан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ногоон технологи, шийдэл, дугаар бүр нь байгаль орчныг хамгаалж, эрчим хүчний тусгаар тогтнолыг бататгах, түлш шатахуун, зардлыг хэмнэх эко шийдэл болохыг онцолсон.
Тогтоолыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарал багасах юм. Мөн цахилгаан тээврийн хэрэгсэл болон дэд бүтцийн хөгжил эрчимжих, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
Эдгээр арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
