Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн шилжилт хөдөлгөөний асуудлаар тайлбар хийв

Боловсролын яамнаас “Мэдлэг, ур чадвар”-ын хоцрогдлоос чөлөөлөх бодлогын шинэчлэлийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Боловсролын сайд Л.Энх-Амгалан сүүлийн таван жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиас шилдэг багш нарыг хувийн сургуулиуд цалин амлаж татан авсан талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ асуудлыг судалж, багш нарыг буцаан авах эсвэл нөхөн төлбөр төлүүлэх арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдсэн.
Сайд уг асуудалд тайлбар хийхдээ багшийн сул орон тоо жил бүр дунджаар 4000 гарч байгаа нь сургалтын тасалдлыг үүсгэж, чанарт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж багшийн дутагдлыг арилгах олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулсан.
Мөн менежмент сайжруулах нэрээр төрийн өмчийн сургуулиас багш авах явдал зарим орон нутгаас ирсэн жишээгээр яригдсан бөгөөд сайд энэ асуудалд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Багшийн ажиллах газар, цалин нь хувь хүний эрхийн асуудал гэдгийг онцолж, төр, хувийн хэвшил харилцан дэмжлэгтэй хамтран ажиллахыг уриалсан.
Үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, эцэг эхээс гаргуулна гэсэн мэдээлэл нь ташаа бөгөөд нийслэлийн цэцэрлэгүүдэд хүүхдийн хоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь ирцийн мэдээлэлд тулгуурласан бодит арга хэмжээ болсон гэж тайлбарлав. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөөгүй бөгөөд цаашид ч хөндөхгүй гэдгийг тодотгосон.
