Ядуурлын өндөр түвшинтэй аймгуудын хүүхдүүдийн математикийн чадвар хоцрогдолтой байна

2026-04-27 18:001min
20260427-180019-file.jpeg
Боловсролын яамнаас боловсролын чанарыг сайжруулах зорилгоор хүүхдийг хөгжүүлэх шинэчлэлийг баталжээ. Судалгаагаар ядуурлын түвшин өндөр 10 аймагт математикийн суурь чадвар эзэмшээгүй хүүхдийн хувь өндөр байна.

Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц арга хэмжээг энэ сарын 22-ны өдөр Засгийн газраар батлуулсан байна. Уг арга хэмжээний хүрээнд сургалтын хөтөлбөрт хүүхдийг бие, сэтгэл, оюуны тамиртай болгох шинэчлэл хийхээр төлөвлөжээ.

Шинэчлэлийн гол зорилго нь цээжлүүлдэг бус хөгжүүлдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг шалгалтад бус амьдралд бэлдсэн боловсролын тогтолцоог бий болгох юм. Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй нийт сурагчдын зөвхөн 3% нь олимпиадад бэлтгэгдэж байгаа бөгөөд үлдсэн 97% нь боловсролын хоцрогдолд орсон гэж үзэж байна. Иймд массын боловсролын чанарыг сайжруулах шаардлагатайг онцолжээ.

Тухайлбал, дунд ангийн сурагчдын 50% нь уншаад ойлгох болон математикийн хичээлд хоцрогдолтой байна. Ядуурлын түвшин өндөр 10 аймагт математикийн суурь чадвар эзэмшээгүй хүүхдийн эзлэх хувь өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

PISA 2022 оны олон улсын үнэлгээгээр суманд сурч буй хүүхдүүд нийслэлийн хүүхдүүдээс математикийн хичээлээр дунджаар 2.5 жилийн хоцрогдолтой, харин аймагт сурч буй хүүхдүүдээс 1 жилийн хоцрогдолтой байна.