Вашингтонд Орост хулгайлагдсан украин хүүхдүүдийг төлөөлсөн теди баавгайн үзэсгэлэн гаргалаа

АНУ-ын нийслэл Вашингтон хотод Орост хулгайлагдсан украин хүүхдүүдийн асуудлыг олон нийтэд таниулах зорилгоор 20 мянган теди баавгайн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Украиныг дэмжигч бүлэг “National Mall” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд чихмэл баавгайнуудыг байрлуулсан бөгөөд хүүхдүүдийн зураг, нэрийг аюулгүй байдлын үүднээс нийтлэхээс зайлсхийж, тэднийг төлөөлүүлэн ашигласан байна.
Зарим баавгайг “BRING KIDS BACK” буюу “Хүүхдүүдийг буцааж авч ир” гэсэн үг үүсгэх байдлаар байрлуулжээ. Үйл ажиллагаанд ойролцоогоор 150 хүн оролцсон бөгөөд тэд Украинд тусламж үзүүлэхийг шаардан, Украин, АНУ-ын далбаа болон хүүхдүүдийг буцааж өгөхийг уриалсан лоозон барьсан байна.
АНУ-ын хууль тогтоогчид Оросын довтолгоо болон украин хүүхдүүдийн хулгайлагдсан асуудлыг хангалттай анхааралдаа авч хэлэлцэхгүй байгаа талаар төлөөлөгчид шүүмжилжээ. Нэг төлөөлөгч “Таны ах, эгч, дүүг хулгайлсан гэж төсөөлөөд үзээрэй. Тэдний нэрийг өөрчилж, танигдахааргүй болгосон. Энэ нь хүний эрхийн том асуудал” гэж онцолсон байна.
Үйл ажиллагааг зохион байгуулагчийн хэлснээр, “Одоогоор Украины асуудалд анхаарал багассан ч дайн үргэлжилсээр байна. Ираны асуудалд илүү анхаарал хандуулж байгаа мэт. Гэсэн ч Украины бүх 20 мянган хүүхдийг гэрт нь буцааж авчрах ёстой” гэжээ.
