Иран, АНУ Ормузын хоолойг ачаа тээврийн хөлгүүдэд бүрэн нээсэн гэж мэдэгдэв

Баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Ормузын хоолой арилжааны ачаа тээврийн хөлгүүдэд бүрэн нээгдсэн талаар тус тусдаа мэдэгдлээ.
Трамп стратегийн ач холбогдолтой Ормузын хоолой “бүрэн нээгдсэн” гэж өөрийн сошиал хуудсаар мэдээлсэн бол Аббас Арагчи гал зогсоох хугацаанд хоолой ачаа тээврийн хөлгүүдэд нээлттэй байхыг мөн сошиал хуудсаараа мэдэгдэв.
Гэвч Иран улс хоолойгоор хөлгүүдийг нэвтрүүлэхэд саад учруулахгүй гэсэн утгатай энэхүү мэдэгдэл АНУ-ын хоолойн давхар хориг хаалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.
Трамп Иран улс энхийн гэрээ байгуулах хүртэл АНУ-ын хориг үргэлжлэхийг онцолсон байна.
Мөн Израилийн арми болон Ираны холбоотон Хезболла бүлэглэлийн хооронд үүссэн мөргөлдөөнтэй Ливан улсад 10 хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрснийг мэдээлжээ.
Ливанд хүмүүс гал зогссоныг тэмдэглэж, дүрвэсэн иргэд орон гэртээ буцаж эхэлсэн байна.
Гэхдээ гал зогсоох тохиролцоонд шууд оролцоогүй Хезболла бүлэглэл болон Ливаны өмнөд хэсэгт байрласан Израилийн цэргийн үйл ажиллагааны талаар тодорхойгүй байдал үргэлжилж байна.
НҮБ-ын энхийг сахиулах хүчний төлөөлөгч шөнө дундаас эхлэн агаарын цохилт байхгүйг баталжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр гал зогсоох хугацаанд Израилийн арми зөвхөн өөрийгөө халдлагаас хамгаалах арга хэмжээ авч болох юм.
АНУ, Ираны хооронд гал зогсоох гэрээ хэлэлцэж байх үед Ливанд явуулж буй Израилийн байлдааны ажиллагааг хамруулах нь Тегераны гол шаардлагуудын нэг байсан ч Израилийн эрх баригчид үүнийг тусдаа асуудал гэж үзэж байлаа.
Ойрх Дорнодод хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн мөргөлдөөнд Иранд 3,000, Ливанд 2,100, Израильд 23 хүн амиа алдаж, Персийн булангийн Араб улсуудад арав гаруй хүн нас баржээ.
Мөн энэ хугацаанд АНУ-ын талаас 13 цэргийн алба хаагч Ираны агаарын цохилтын үеэр амиа алдсан байна.
