2023–2024 онд хүү, торгуулийн орлого төлөвлөгөөнөөс давжээ

2026-04-16 21:301min
20260416-213042-file.jpeg
2023–2024 онд хүү, торгуулийн орлогын эх үүсвэрээс 322.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөнөөс 361.2 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд аудитын шалгалтаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны хуралдаанаар 2023–2024 онд хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн аудитын тайланг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн аудитын тайланг танилцуулсан бөгөөд 2023–2024 онд хүү, торгуулийн орлогын эх үүсвэрээс 322.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 361.2 тэрбум төгрөг төвлөрсөн байна.

Нийт орлогын 97.2 хувийг орон нутгийн төсөвт, 2.8 хувийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд үүнд 2.9 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт, 12.4 тэрбум төгрөгийн зөрчилд 41 албан шаардлага, 17 тэрбум төгрөгийн зөрчилд 163 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн хүү, торгуулийн орлого бүрдүүлэгч байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгох, хууль эрх зүйн орчны уялдааг сайжруулах, мөн улсын төсөвт төвлөрсөн орлогыг харьяалах орон нутгийн төсөвт шилжүүлэх зөвлөмжийг Сангийн яаманд өгсөн байна.

Түүнчлэн хугацаа хэтэрсэн торгуулийн үлдэгдлийг үе шаттайгаар барагдуулах арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ.

Мөн хүү, торгуулийн орлогын төлөвлөлтийг бодит судалгаа, мэдээлэлд тулгуурлан хийх, торгуулийн орлогыг зориулалтын дагуу зарцуулах, хяналтыг сайжруулах чиг үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн байна.