Нийслэлийн гэр хорооллыг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлнэ

2026-04-16 20:301min
20260416-203024-file.jpeg
Нийслэлийн 9 дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд 1856 байршилд нэмэлт ухаалаг камер суурилуулах төлөвлөгөөтэй байна. Урьдчилан сэргийлэх ажлыг техник, хүмүүжлийн бодлоготой уялдуулах шаардлагатайг онцлов.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн 2026 амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого болон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг танилцууллаа.

А.Баяр нийслэлийн гэр хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх ажлыг технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатайг хэлэв. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газруудад 1856 байршилд ухаалаг камер суурилуулах шаардлагатайг онцолсон байна.

Тэрбээр гэр хорооллыг бүрэн камержуулснаар гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурна гэж үзэж байна. Орчин үеийн хотууд хиймэл оюунд суурилсан хяналтын системийг нэвтрүүлж аюулгүй байдлаа хангаж байгаа бөгөөд Монгол Улс ч энэ чиглэлд ахиц гаргах шаардлагатайг тэмдэглэв. Камержуулалтын үр дүнд 2025 онд залилангийн төрлөөс бусад гэмт хэргийн гаралт 30 хүртэлх хувиар буурсан гэж ЦЕГ-аас мэдээлжээ.

Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, өнгөрсөн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлсэн “Хашаагаа нээе” аян нь харилцан хяналт, оролцоог нэмэгдүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулсан талаар дурдав.

А.Баяр урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн техник, хяналтаар хязгаарлахгүй, хүмүүжил, соён гэгээрүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатайг онцолж, хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэхийг санууллаа.

Тэрбээр хүүхэд өөрийн үндэсний өв соёл, мал аж ахуй, нүүдэлчин соёлоо ойлгосон байх нь буруу үйлдэл хийхээс сэргийлж, хүмүүжлийн бодлого гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй гэж дүгнэв.