“Хотула” апликейшн хүний хувийн мэдээллийг хамгаалах хууль зөрчсөн байж болзошгүй гэж ХЭҮК дүгнэв

Хүний эрхийн Үндэсний Комиссоос (ХЭҮК) Нийслэлээс хөгжүүлсэн “Хотула” апликейшн нь Монгол Улсын иргэдийн хувийн нууц, халдашгүй чөлөөтэй байх эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй талаар шалгалт хийсэн талаараа мэдээлэл өглөө.
“Хотула” апликейшныг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК, Дижитал Инфосек ХХК нар хамтран 2025 оны 11-р сарын 6-нд хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх гэрээний дагуу бүтээсэн байна.
ХЭҮК-оос Нийслэлээс тайлбар хүссэн ч бүрэн хариу авч чадаагүй бөгөөд холбогдох албан тушаалтнууд ирж тайлбар өгөөгүй, албан бичиг ирүүлээгүй гэж мэдээлэв.
Технологийн туршилт, нийтэд ил байгаа мэдээлэл, нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлд үндэслэн ХЭҮК дараах дүгнэлтийг гаргасан байна.
“Хотула” апликейшны хэрэглэгчийг танин баталгаажуулах систем нь хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тус апп нь төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор гурван түвшний танин баталгаажуулалтыг нэвтрүүлсэн бөгөөд “Hamuga ID” гэх тусдаа системийг ашиглаж, бодит цагийн нүүр царай таних технологийг хэрэглэж байгаа нь хуульд нийцсэн эрх зүйн үндэслэлгүй гэж үзжээ.
Мөн хэрэглэгчээс ажиллаж буй салбар, байгууллага, албан тушаал, сарын орлого зэрэг мэдээллийг шаардаж байгаа нь хэтэрсэн хувийн мэдээлэл цуглуулж байж болзошгүй гэж дүгнэсэн байна. Хүний нүүр царай нь биометрик мэдээлэл тул ХЭҮК-ын зөвшөөрөлгүйгээр нүүр царайгаар танин баталгаажуулах технологийг ашиглах нь зохимжгүй гэж зөвлөжээ.
Үйлчилгээний нөхцөлд мэдээлэл цуглуулах, боловсруулах үндэслэл, хугацаа тодорхойгүй бөгөөд хэрэглэгчийн зөвшөөрлийг авсан гэж үзэх нөхцөл хангагдаагүй байна. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дахин зөвшөөрөлгүйгээр дамжуулах боломжтой гэж дүгнэжээ.
Дижитал Инфосек ХХК мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байгаа гэж тайлбарласан ч баталгаажсан нотолгоог хангалттай ирүүлээгүй байна.
“Хотула” апликейшн хэрэглэгчийн байршлын мэдээллийг цуглуулж, боловсруулах нөхцөл бүрдүүлсэн нь хэрэглэгчийн тогтмол маршрут, амьдралын хэв маяг, дадал зуршлыг тодорхойлох боломжтой гэж ХЭҮК үзжээ. Энэ нь хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн заалтыг зөрчиж болзошгүй юм.
Мөн хэрэглэгчийн амьдралын хэв маяг, алхалтыг тооцож ногоон оноо олгох систем нь хүний эрхийн эрсдэлийг тооцоогүй, хамгаалалтын арга хэмжээ аваагүй байна. Дижитал Инфосек ХХК энэ урамшууллыг маркетингийн үйл ажиллагааны хүрээнд тайлбарласан ч иргэдийн мэдээлэлд суурилсан ялгаварлан гадуурхах эрсдэл үүсэх магадлалтай гэж ХЭҮК дүгнэжээ.
Иймд ХЭҮК Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас “Хотула” апликейшныг ашиглахыг зогсоох, дээрх эрсдлийг арилгаж нотлох 30 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн байна. Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээг хүндрэлгүй авах бусад боломжийг бүрдүүлэхийг зөвлөжээ.
