АН-ын цахим хуудсанд 2.1 сая иргэний хувийн мэдээлэл алдагдсан нь тогтоогдов

2026-04-16 18:301min
20260416-183029-file.jpeg
Ардчилсан Намын цахим хуудсанд 2.1 сая иргэний хувийн мэдээлэл хадгалагдаж, зарим нь ил болсон нь Хүний Эрхийн Үндэсний Комиссын шалгалтаар тогтоогдсон байна.

Ардчилсан Намын цахим хуудсанд нэвтрэх үед иргэдийн регистрийн дугаар ашиглан оршин суух хаяг болон намын гишүүнчлэлийн мэдээлэл автоматаар харагдаж байсан нь тогтоогдсон байна. Энэ асуудлаар иргэн З.Баяндаваа холбогдох байгууллагад гомдол гаргасан бөгөөд Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) ажлын хэсэг байгуулан шалгалт явуулжээ.

Шалгалтаар АН-ын цахим хуудсанд 2026 оны хоёрдугаар сарын 25-ны байдлаар 2.1 сая орчим иргэний регистрийн дугаар, овог, нэр, төрсөн огноо, хүйс, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл хадгалагдаж байсан нь тогтоогдсон байна. Утасны дугаар нь хэрэглэгчдэд харагдахгүйгээр тохируулсан байжээ.

Цахим орчинд мэдээлэл тарсны дараа программ хөгжүүлэгчид зөвхөн намын гишүүдийн мэдээллийг ил гаргах, гишүүн бус иргэдийн мэдээллийг нууцлах тохиргоог хийсэн байна. АН-ын мэдээлэл нь гаднын эх сурвалжаас бус дотоод өгөгдлийн сангаас авсан болохыг кодын шинжилгээгээр тогтоосон бөгөөд энэ өгөгдлийн санг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр улс төрийн намуудад олгодог сонгогчдын нэрсийн жагсаалтаас бүрдүүлсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас сонгогчдын нэрсийн жагсаалтыг зөвхөн давхцал шалгах болон сонгуулийн эрх бүхий иргэн бүртгэгдсэн эсэхийг баталгаажуулахад ашиглах ёстой бөгөөд үүнийг давсан ашиглалт нь хүний хувийн мэдээллийг хамгаалах болон сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж ХЭҮК дүгнэжээ.

Мэдээллийн сангийн серверийн байршлыг өөрчилсөн, мэдээллийн сан устгагдсан тул цахим хуудас кибер халдлагад өртсөн эсэхийг эцэслэн тогтоох боломжгүй байна. Харин мэдээлэл хар зах дээр зарагдсан гэх баримт эцэслэн тогтоогдоогүй байна.

Цаашид 1.1 сая иргэний хувийн мэдээлэл алдагдсан эсэхийг тогтоох, цахим хуудаснаас мэдээллийг устгуулахад Цагдаагийн Ерөнхий Газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажиллах шаардлагатай гэжээ.

Мөн АН нь гишүүдийн хувийн мэдээллийг цуглуулахдаа аюулгүй байдлыг хангаагүй гэж үзсэн тул ХЭҮК тус намд гурван зөвлөмж хүргүүлж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг буцааж өгсөн эсэхийг баталгаажуулах баримтыг 30 хоногийн дотор ирүүлэхийг шаардсан байна.