39 дэх удаагийн номын баяр ирэх тавдугаар сард Төв талбайд болно

39 дэх удаагийн номын баяр ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд зохион байгуулагдана.
Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, дунджаар 300 мянга гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцдог болжээ.
35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулсан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-д нийт ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг оролцохыг уриалж байна.
