Л.Эгшиглэн визээр зуучилна хэмээн 491 иргэнийг залилсан хэрэгт 10 жилийн хорих ял авлаа

2026-04-12 12:301min
20260412-123017-file.jpeg
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Севеникс виз консалтинг” ХХК-ийн захирал Л.Эгшиглэнг 491 иргэнийг визээр зуучилна хэмээн залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүх түүнд 10 жилийн хорих ял оноож, 3 тэрбум гаруй төгрөгийг хохирогчдод олгуулахаар шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх цахим хэрэгсэл ашиглан олон иргэнийг залилсан хэргийг хянан шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Эгшиглэнг “Севеникс виз консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оноос 2023 оны тавдугаар сар хүртэл 491 иргэнийг залилсан хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тэрбээр Австрали, АНУ, Канад, Шинэ Зеланд, БНСУ, Герман зэрэг улс руу виз гаргаж өгөх, ажлын байранд зуучлах нэрээр иргэдийг хуурч, өөрийн болон компанийн дансаар нийт 3 тэрбум 603 сая 201 мянга 516 төгрөг шилжүүлэн авсан байна.

Шүүх уг хэргийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд, шүүгдэгч Л.Эгшиглэнг бусдыг залилан мэхэлж, гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Түүнд 10 жилийн хорих ял оноож, 3 тэрбум 285 сая 303 мянга 458 төгрөгийг гаргуулан хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү хэрэг нь удаан хугацаанд, олон хохирогчийг хамруулсан, зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн онц ноцтой залилангийн хэрэгт тооцогдож байна.