УИХ Харбины гэрээний хянан шалгах түр хороо байгуулах тогтоолыг дэмжсэнгүй

2026-04-12 10:301min
20260412-103019-file.jpeg
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн мэдүүлсэн Харбины гэрээний хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг олонх дэмжээгүй байна. Сонсголыг цаг тухайд нь хийх шаардлагатайг гишүүд онцолжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа болон бусад 40 гишүүн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцсэн ч санал хураалтаар олонх дэмжээгүй тул батлагдсангүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Харбины гэрээтэй холбоотой сонсголыг хийхээр МАН-ын бүлэг намрын чуулганы төгсгөлд тав хоногийн завсарлага авсан ч хаврын чуулган эхэлсэн тул завсарлага дууссан гэж тэмдэглэв. Гэсэн хэдий ч өнөөдрийн хуралдаан 30 минут хоцорч эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Харбины гэрээний ард олон асуудал байгааг онцолж, УИХ-ын дарга болон МАН-ын дарга хөдөө ажиллаж байгаа ч иргэд “Яагаад Харбины сонсголыг хийхгүй байна вэ” гэж олон удаа асууж байгааг хэлэв. Мөн Ж.Баярмаа гишүүн болон бусад гишүүдэд олон иргэн энэ талаар хандаж, утастаж асуусан тухай дурдав.

2024 оны сонгуулиас эхлэн Засгийн газрын бодлого, томоохон төслүүд Харбины гэрээтэй холбогдож байгааг дурдсан бөгөөд тухайн гэрээний алдагдал нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц буюу 34-36 их наяд төгрөгт хүрч байгааг тэмдэглэв.

Оюутолгойн асуудлаар сонсгол хийсэн бол Харбины гэрээний сонсголыг хийх ёстой гэж Д.Ганбат гишүүн онцолсон байна. Тэрбээр сонсголыг цаг тухайд нь хийснээр ард түмэнд ирэх хохирол багасч, авлига, луйвар буурах боломжтой гэж үзжээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Урд хөршийн нэрийг барьж заналхийллээ. Дахиад нэг хулгайг илчлэхгүй гэж парламентаараа хамгаалсан нь хэлэх үггүй байна” гэж бухимдлаа илэрхийлэв.