Улаанбаатар хотын авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийлээ

Байгаль орчин, уур амьсгалын яамны Байгаль орчны улсын хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудыг хянан шалгаж байна.
Шалгалтаар техникийн ашигласан хаягдал тос, тосолгооны материалыг зориулалтын бус газар хаясан, цуглуулсан байж болзошгүй, мөн асгарсан тосыг цэвэрлээгүйгээс хөрс бохирдуулсан зөрчил илэрлээ.
Эдгээр үйлдэл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хөрс бохирдуулах эрсдэлтэй тул харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Байцаагч нар бохирдсон газрын хөрснөөс дээж авч, лабораторид шинжлэхээр хүргүүлж байгаа юм.
Техникийн ашигласан тос, масло нь Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын ангиллын жагсаалт”-д 13 кодтойгоор бүртгэгдсэн байна.
Ийм тосонд агуулагдах хүнд металл болон органик нэгдлүүд хөрсний үржил шимийг бууруулж, ус бохирдуулах эрсдэлтэй бөгөөд энэ нь байгаль орчныг урт хугацаанд доройтуулдаг.
