Санхүүгийн зохицуулах хороо тээврийн хэрэгслийн даатгалын гомдлыг хэлэлцэв

2026-04-10 13:301min
20260410-133018-file.jpeg
Санхүүгийн зохицуулах хороо тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой гомдлыг хэлэлцэж, даатгуулагчдын эрхийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах үүрэг өглөө.

Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр хуралдаж, тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой гомдол, маргааны нөхцөл байдлыг хэлэлцэв. Тус хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын ихэнхийг тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой асуудлууд эзэлж байна. Энэ нь зарим даатгалын компаниудын гэрээний нөхцөл ойлгомжгүй, хоёрдмол утгатай байгаатай холбоотой юм. Үүний улмаас даатгуулагчдыг төөрөгдүүлэх, даатгалын тохиолдлыг үгүйсгэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах, хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулах зэрэг асуудлууд гарчээ. Зарим компани гэрээгээ өөрийн талд хэт давуу байдлаар байгуулж, даатгуулагчдын эрх ашгийг хохироож, гомдол маргаан үүсгэж байна. Иймд Санхүүгийн зохицуулах хороо холбогдох хууль тогтоомжид үндэслэн даатгуулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог сайжруулах зорилгоор зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох журмын зохицуулалтад тусгах ажлыг эхлүүлжээ.

Мөн даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээнд даатгуулагчид хүндрэл учруулахгүйгээр шуурхай олгох нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтэд ил тод мэдээлэх үүргийг бүх ердийн даатгалын компаниудад өгсөн байна. Түүнчлэн нэр бүхий таван даатгалын компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөл, үйл ажиллагааг сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгчээ.