Боловсролын сайд багшийн ачааллыг бууруулах “БАГШАА СОНСЬЁ” аяныг эхлүүлнэ

2026-04-09 21:301min
20260409-213027-file.jpeg
Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн ачааллыг бууруулах зорилгоор "БАГШАА СОНСЬЁ" аяныг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр багш, эцэг эх, хүүхдүүдийн хамтын ажиллагааг боловсролын шинэчлэлийн чухал хүчин зүйл гэж үзэж байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

Тэрбээр багшийн ачааллыг бууруулах зорилгоор энэ сараас эхлэн “БАГШАА СОНСЬЁ” аяныг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Сайд багш, эцэг эх, хүүхдүүдийг анхааралтай сонсох цаг болсон бөгөөд гурван талын хамтын ажиллагаа боловсролын чиг хандлагыг зөв болгоход чухал гэж онцлов.

Багш нарын ажлаасаа шантрах, ажлаас гарах шалтгааны нэг нь эцэг эх, асран хамгаалагчидтай үл ойлголцох явдал бөгөөд мөн ажлын байран дахь хамт олны дунд буллингийн асуудал байгааг тэмдэглэв.

Тэрбээр гэрт ойрхон сургууль хамгийн сайн гэх ойлголтоос илүү хүүхэд, эцэг эхтэйгээ хамтран ойлголцох нь боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал болохыг дурдав.

Мөн сургуулиа дэмждэг эцэг эхчүүдийг алдаршуулах шаардлагатайг онцолсон байна.

Түүнчлэн багшийн хөгжил, үр дүнд суурилсан санхүүжилт, цахим шинэчлэл, хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоо, улс төрөөс хараат бус удирдлагын менежмент гэсэн зургаан үндсэн шинэчлэлийг хэрэгжүүлэх үүргийг мартаж болохгүй гэдгийг хэлэв.