Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо

2026-04-09 20:301min
20260409-203024-file.jpeg
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдож, олон улсын статистикийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох боломжтой боллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо.

НҮБ-ын Статистикийн комисс нь дэлхийн хэмжээнд албан ёсны статистикийн салбарын хамгийн дээд түвшний шийдвэр гаргах байгууллага бөгөөд гишүүн орнуудын статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улс тус комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын статистикийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, шинэ стандарт, аргачлал боловсруулахад хувь нэмэр оруулах, үндэсний статистикийн системийн хөгжлийг олон улсын түвшинд уялдуулах, туршлага солилцох, чадавх бэхжүүлэх боломжоо өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Цаашид Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг хэмжих, тоон мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, албан ёсны статистикийн үйл ажиллагаанд өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, мөн уламжлалт бус мэдээллийн эх үүсвэр болон хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд бодит хувь нэмэр оруулахаар зорьж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.