Дүүжин тээврийн III шугамыг Богд уулыг давах чиглэлээр төлөвлөж байна

Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин тээврийн төслүүдийн явц, төлөвлөлтийг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас танилцууллаа. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргалын мэдээлснээр, Монгол, Францын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 60.7 сая еврогоор хоёр дүүжин тээврийн шугам барихаар төлөвлөсөн байна. Нэгдүгээр шугамын барилгын ажил 46 орчим сая еврогоор санхүүжиж, сайн үргэлжилж байгаа аж.
Дөрөвдүгээр сарын 27-ноос Арцатын амнаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийн ган татлагыг дроноор шалгаж эхэлнэ. Тус ган татлагын нэг бүр нь 112 тонн жинтэй бөгөөд угсралтын ажил долоодугаар сард дуусч, туршилтын үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сараас иргэдэд үйлчлэх юм. Одоогоор 98 кабинаас 28 нь агуулахад байгаа бол 70 нь далай гатлан ирж байна.
Засгийн газрын 272 дугаар тогтоолоор дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд барихаар баталсан бөгөөд ТЭЗҮ боловсруулах мөнгө шийдэгдсэн байна. Санхүүжилтийн эх үүсвэрийн талаар Францын компаниудтай хэлэлцээ амжилттай явагдаж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийг боловсруулсны дараа барилгын ажил эхэлнэ.
Гуравдугаар шугамыг судлах чиглэлийг Засаг даргын зүгээс өгсөн бөгөөд энэ шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагшаа Богд уулыг давах байдлаар, соёл амралт, аялал зугаалгын зориулалтаар төлөвлөж байна.
Яармагийн Арцатын амнаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд хамгийн өндөр тулгуур багана нь 42 метр юм.
