Улаанбаатар хотод 2026 оны 3 дугаар сард гэмт хэрэг 2.9 хувиар буурчээ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2026 оны 3 дугаар сарын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Улаанбаатар хотод өнгөрсөн сард нийт 9969 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч байгааг харуулж байна.
Тодруулбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1529 бүртгэгдэж, өмнөх оноос 78 тохиолдлоор буурсан байна. Мөн хулгайлах гэмт хэрэг 33 хувиар буурсан нь урьдчилан сэргийлэх ажил эрчимжиж байгааг илтгэж байна.
Гэсэн хэдий ч зарим төрлийн гэмт хэрэг өсөлттэй гарчээ. Тухайлбал, залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 892 тохиолдлоор өссөн бол зам тээврийн осол 1651 бүртгэгдэж, 10 хувиар нэмэгдсэн байна.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хэлэхдээ, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг “хар цэгүүд”-ийг тогтоон, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна гэжээ.
Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, зөв төлөвшилтэй иргэн болгох зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэх нь урт хугацаанд гэмт хэргийн бууралтад хувь нэмэр оруулах юм.
Цаашид залилах гэмт хэрэг, зам тээврийн ослын өсөлтийг бууруулахад иргэдийн оролцоо, сэрэмжлүүлэг мэдээлэл, технологид суурилсан хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.
