Ерөнхий сайд Н.Учрал татварын өртэй 12,100 компанийн дансыг нээлээ

2026-04-06 16:301min
20260406-163018-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар татварын өрийн улмаас хаагдсан 12,100 компанийн дансыг сарын хугацаатайгаар нээж, үйл ажиллагааг сэргээх боломжийг бүрдүүллээ.

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр анхны хуралдаанаа хийж, татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12,100 компани, аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэр гаргалаа.

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраар татварын өртэй холбоотойгоор хаагдсан эдгээр компанийн дансыг сарын хугацаатайгаар нээж, зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрхийг олгосноор эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Энэхүү арга хэмжээ нь Эдийн засагт үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас Татварын ерөнхий хуулийн зохицуулалтад үндэслэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Засгийн газар хууль хэрэгжүүлэх эрх мэдлийнхээ хүрээнд шууд шийдвэр гаргасан байна.

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д хагас жилийн тайлангаа танилцуулж, төсвийн тодотголтой хамт татварын хуульд өөрчлөлт оруулах саналаа өргөн барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь компаниудад үйл ажиллагаагаа сэргээх, татварын өрөө барагдуулах, цалин хөлсөө олгох боломжийг нээж, зах зээл, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн эерэг дохио болохыг онцлов.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаасаа эхлүүлсэн хувийн хэвшил, иргэдэд итгэх, төрийн хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгыг Засгийн газрын анхны шийдвэрээр хэрэгжүүлж эхэллээ.