Авлигатай тэмцэх газар Дархан-Уул аймагт албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

2026-04-03 16:301min
20260403-163033-file.jpeg
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Дархан-Уул аймагт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын нөөцийн элит сортын улаан буудайн үрийг хууль бусаар олгосон Г, А нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан Г, А нарт холбогдох 1818000410214 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Яллагдагч Г нь нийтийн албанд удирдах албан тушаалтан байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80,100,000 төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг “ӨА” компанид олгож, бусдад давуу байдал бий болгосон байна.

Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ хэлцэлгүй, төлбөргүйгээр үрийн буудай олгохоор шийдвэрлэн, улсад 80,100,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэхүү хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор хоёр жилийн турш салбарын нөөцийн санд элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тусган, тайлан мэдээ гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөг зарцуулжээ.

Мөн яллагдагч Г нь хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр гэрээ байгуулан “Ж” компанид “Дархан-144” элит сортын 40 тонн улаан буудайн үр өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байна.

Яллагдагч А нь удирдах албан тушаалтан Г-ийн өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлж, албан тушаалын байдлаа урвуулан дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Г, А нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас “Дархан-144” элит сортын 89 тонн үрийн буудайг “АБ” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд зааснаас өөр үрийн буудай өгснөөр 70,400,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 1818000410214 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.