ОХУ бензиний экспортын хоригийг үйлдвэрлэгчдэд хүртэл өргөтгөв

2026-04-03 15:301min
20260403-153032-file.jpeg
ОХУ-ын Засгийн газар бензиний экспортын хоригийг үйлдвэрлэгч компаниудад хүртэл өргөтгөж, зөвхөн Засгийн газар хоорондын гэрээтэй тохиолдолд чөлөөлөлт олгохоор шийдвэрлэлээ. Энэ арга хэмжээг Украин дахь халдлага, нефтийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байна.

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортын хоригийг өргөтгөж, үйлдвэрлэгч компаниудад ч хамаарах шийдвэрийг пүрэв гарагт гаргалаа. Энэ шийдвэрийг Оросын хэвлэлүүд Украин улс ОХУ-ын газрын тосны боловсруулах үйлдвэрүүд болон терминалууд руу хийж буй халдлагаа эрчимжүүлж, нефтийн өндөр үнийн ашиг орлогоос Кремлийг салгах зорилготой холбон тайлбарлаж байна.

Анх өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэгч бус компаниудад бензин экспортлохыг долдугаар сарын 31 хүртэл хориглосон бол шинэ тогтоолоор энэхүү хоригийг үйлдвэрлэгчдэд хүртэл өргөтгөж, зөвхөн Засгийн газар хоорондын гэрээтэй тохиолдолд чөлөөлөлт олгохоор болжээ.

Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, Ойрх Дорнодын дайн дэлхийн нефтийн үнийг өсгөж байгаа энэ үед, мөн хаврын тариалалтын улирлын өмнө дотоодын шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор энэхүү арга хэмжээг авсан байна.

Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, Украин Оросын эрчим хүчний дэд бүтцэд хийж буй довтолгоогоо нэмэгдүүлснээр экспортын хүчин чадал мэдэгдэхүйц буурч, өдөрт ойролцоогоор нэг сая баррель алдагдал үүсч байна.

Сүүлийн үед Украины дронууд Балтын тэнгисийн эрэг дэх Усть-Луга болон Приморск боомтуудыг удаа дараа довтолж, гал гарч хар утаа Санкт-Петербург хотоос харагдах хэмжээнд хүрсэн байна. ОХУ-ын газрын тосны экспортын алдагдал гуравдугаар сард оргил үедээ 40 орчим хувь байсан бол одоо 20 орчим хувь болж буурсан ч үйлдвэрлэлд дарамттай хэвээр байна.

Экспортын хориг болон Украины дроны халдлагаас өмнө ОХУ нийт бензиний үйлдвэрлэлийн 10-12 хувийг экспортолдог байсан. Агуулахууд дүүрч, экспортын сувгууд хязгаарлагдаж байгаа тул нефть олборлогчид илүүдэл үүсэхээс сэргийлж олборлолтоо бууруулах магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн ОХУ багтдаг ОПЕК+ бүлэг ням гарагт уулзалт хийж, дэлхийн нийлүүлэлтийн доголдолд хэрхэн хариу үзүүлэх талаар олборлолтын хэмжээг хэлэлцэхээр төлөвлөж байна. Өмнөх гуравдугаар сарын 1-ний уулзалтаар ОПЕК+ дөрөвдүгээр сард олборлолтоо өдөрт 206,000 баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцсон.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай утсаар ярьж, ОПЕК+-ийн гишүүд дэлхийн нефтийн зах зээлийг тогтворжуулах шаардлагатайг онцолсон байна.