Хотын дарга Туул голын мод нөхөн сэргээх боломжийг судаллаа

2026-04-03 11:301min
20260403-113024-file.jpeg
Хотын дарга Х.Нямбаатар “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд ажиллаж, Туул голын мод, бутыг нөхөн сэргээх талаар мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сонслоо. Мэргэжилтнүүд усны түвшин болон үерийн хамгаалалтын талаар тайлбар өгсөн байна.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатад байрлах “Цэцэрлэгжилт” ХХК-ийн мод үржүүлгийн талбайд хотын дарга Х.Нямбаатар ажиллаж, Туул голын мод, бутыг нөхөөн сэргээх боломжийн талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл авлаа.

“Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Магсаржав хэлэхдээ, голын сав дагуу ихэвчлэн бургас, улиас ургадаг бөгөөд эдгээр нь 2-3 жилийн дотор хурдан ургадаг болохыг жишээгээр харууллаа. Тэрбээр бургас, хайлаас, улиасаас гадна чацаргана, моносыг голын сав дагуу ургуулах боломжтойг онцлов. Бургас нь 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг бөгөөд усалгаа, арчилгаа сайн байвал Туулын бургас 5 жилийн дотор хангалттай нөхөгдөнө гэв. Ө.Магсаржав 50 жил мод тарьж байгаа туршлагаасаа хуваалцаж, нийтдээ гоёлын болон жимсний 20 гаруй төрлийн мод, бут, сөөг тарьсан тухай мэдээллээ.

Усны инженер Ш.Баранчулуун Туулын хурдны зам баригдсанаар голын ус ширгэхгүй гэдгийг тайлбарлажээ. Тэрбээр Туул голын усны дундаж урсгал секундын 25-26 шоо метр бөгөөд 1966 оны үерийн үед секундын 1580 шоо метр ус урссан гэж мэдээлэв. Мэргэжилтнүүдийн судалгаагаар 1000 жилд нэг удаа үер болох үед голын усны түвшин 5 метрээр нэмэгдэх боломжтойг дурдсан байна. Туулын хурдны замын барилгын явцад үерийн хамгаалалтын даланг шинээр барих бөгөөд энэ далан нь хотод 100 жилээс дээш хугацаанд тохиолдох үерээс хамгаалах зориулалттай юм. Туулын хурдны зам үерийн далангаас 1 метр 40 см-ээр дээш баригдсан байна.

Ш.Баранчулуун мөн ирээдүйд үерийн эрсдэлээс сэргийлж, үерийн даланг Туулын хурдны замтай хамт шинэчилж байгааг онцлов. Тэрбээр Туул голын усны 25 хувь нь Хан Хэнтийн нурууны цэвдэгтэй хэсгээс эх авч, 70 хувь нь хур тунадасны уснаас бүрддэг болохыг тайлбарлажээ. Туул голыг хур тунадасны горимтой гол гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлдог бөгөөд усны түвшин хур тунадасны хэмжээнээс хамаардаг байна. Иймд Туулын хурдны зам усны түвшинд нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдэв.